Гомдол, бухимдал, гутрал, атаа жөтөө нь хүний гэрлэн бүрхүүлийг гэмтээдэг

2012-05-03,
Сүүлийн үед энергийн тухай их ярих болжээ. Энерги гэдэг нь Монголоор хийморь лундаа юм даа. Хийморь лундаа нь доройтвол ажил үйлс бүтэхээ болино гэж монголчууд эрт үеэс үзэж ирсэн.

Энергээ сайжруулахын тулд янз бүрийн арга чарга хэрэглэх юм уу, ийшээ тийшээ явж холоос хайх хэрэггүй. Зарим хүн элдэв үзмэрч төлөгчөөр яваад л засал хийлгээд л байдаг. Гэтэл энэ нь ямар ч үр дүнгүй бөгөөд харин ч явдал чирэгдэлдээ болж стресст өртдөг байна.

Тэгвэл энерги буюу хийморь лундаагаа яаж сэргээх вэ? Өөрийн дотоод сэтгэлээ гэгээлэг байлга. Та заавал бусадтай хэрэлдэж маргалдах шаардлагагүй.

Муу энергитэй хүн гэж байдаггүй. Та өөрөө хүнтэй буруу харьцаад байвал эргэж хариу сөрөг урвал явагдаж танд муугаар нөлөөлнө. Дэмий чалчих, бусдыг муулах, хэт шүүмжлэх хэрэггүй.

Мөн уур хилэн, атаа жөтөө, гомдол цөхрөлдөө бачуурах зэрэг таагүй мэдрэмж нь энергийн бүрхүүлийг хамгийн их гэмтээдэг. Үнэхээр иймэрхүү сэтгэл хөдлөлд дийлдээд байвал лаа асаа. Лаа асаагаад юунаас болж ингэж буйн учир шалтгааныг тогтоогоод, зурвас бичиж галын дөлөнд шатаа. Дахиж энэ тухай бүү бод, бүү дурс. Та шатаачихсан. Галын дөл бүхнийг ариусгадаг.

Хорвоод бүх юм төгс төгөлдөр байдаггүй. Үүнийг ойлгодоггүй зарим хүн бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэдэг.. Тэгээд сэтгэлд нь үл нийцвэл хавь ойрынхондоо төвөг болдог. Ингэснээр өөрийн гэрлэн бүрхүүлээ нураадаг. Тиймээс амьдралын зарим нэг зүйлтэй эвлэрэхээс өөр аргагүй шүү.

Гэр бүлдээ, дотно хүмүүсийнхээ дунд хэрүүл маргаан бүү хий. Байнга хэрүүл маргаан хийж, асуудал үүсгэж байдаг хүмүүсийн энергийн бүрхүүл их өрөвдмөөр болчихсон байдаг төдийгүй өвчин зовлон, аюул осолд нээлттэй болно гэсэн үг.

Нэн ялангуяа мөнгө төгрөгний хэрүүл хар мөртэй байдаг. Бусдад хэрэгтэй байх нь чухал. Ойр дотныхон, найз нөхөд, танил хөршдөө тустай бай. Заавал эд мөнгөндөө биш шүү. Сэтгэл гаргасан өчүүхэн тусыг ч хүн мартдаггүй. Аз жаргалыг олж авахдаа бус бусдад өгөх нь л чухал.

Хэн нэгэн хүнд хэрэгцээтэй зүйлийг нь өгөхөд тэр хүний нүүр царай гэрэлтээд л явчихдаг  шүү дээ. Түүний сэтгэл маш хангалуун болно. Энэ бол тус. Харин хүнд тусалсныхаа хариуг нэхэх, сануулах гэх мэт нь эвгүй зан юм шүү. Туршаад үзээрэй.

Аз жаргалыг холоос эрж хайх хэрэггүй. Аз жаргал хаа нэгтэй нуугдаж байдаггүй. Харин аз жаргалын түлхүүр таны гарт, яг дэргэд чинь хүлээж байдаг юм шүү гэдэгт итгээрэй.


бичсэн: Монгол хэлний хичээл төрөл: Зөвлөгөө
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax